Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 04 сарын 29


Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан Сангийн яамны Хууль, эрх зүйн газраас 2019 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд хуулийн нэмэлт, өөрчлөлт цаашид авах арга хэмжээний талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтад яамд, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, дүүргийн худалдан авах ажиллагааны алба, аймгийн Орон нутгийн өмчийн харилцааны газрын дарга болон мэргэжилтэн нийт 230 гаруй албан хаагч оролцлоо.

Уг сургалтын үеэр хуульд шинээр орсон өөрчлөлтүүд болон түүнийг дагалдан гарах журам, заавар, мөн 2018 оны төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны үнэлгээ, цахим худалдан авах ажиллагааны асуудлуудын талаар Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж харилцан санал солилцлоо.

Түүнчлэн сургалтад оролцогчдын зүгээс зураг төсөв нь батлагдаагүй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах, тендерийн жишиг баримт бичигт санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлтийг журамлах, гэрээний ерөнхий нөхцөлд төслийн баг, ажлын хэсгийн талаарх ойлголтыг тусгах, худалдан авах ажиллагааны нэгжийн орон тоог нэмэгдүүлэх зэрэг санал, хүсэлтийг ирүүлсэн байна.

Ийнхүү оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг даган шинээр батлагдах журам, зааварт тусгаж ажиллахыг худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгжээс оролцогч нарт мэдэгдсэн юм.

Хавсралт файл:
Хуулийн нэмэлт, өөрчлөлт

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он