“Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн II үе шатыг хэрэгжүүлэх тухай

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2023 оны 10 сарын 04


Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 4 нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн, тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг сургалтад хамруулан, 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас, аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн болно.

Төслийн II үе шатыг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас олгох жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 38.0 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөн, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Төслийн II үе шатыг хүрээнд:

             - Онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх 12 инженерийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах;

            - Гал түймэр хөөсөөр унтраах автомашин 3 ширхэг, автомеханик шатны автомашин 15 ширхэг, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл, гал түймэр унтраах үйл ажиллагааг сайжруулах юм.

Санхүүгийн хэлэлцээртэй дараах холбоосоор орж, танилцана уу.

Хавсралт файл:
Санхүүгийн хэлэлцээр

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он