Мэдээлэл нийтлэсэн: Сайдын ажлын алба
Нийтлэсэн огноо: 2026 оны 08 сарын 03
ГҮНСЭНГИЙН ХАЯНХЯРВАА
/1943-2026/
Бидний дотны анд, хамтран зүтгэгч асан Гүнсэн овогтой Хаянхярваа 2026 оны 7 дугаар сарын 31-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, хүнд гарз тохиолоо.
Г.Хаянхярваа 1943 онд Говь-Алтай аймгийн Цээл суманд мэндэлжээ.
Тэрээр 1962 онд Нийслэлийн 6 дугаар арван жилийн сургууль, 1962-1967 онуудад Монгол Улсын Их сургуульд Эрэл зураглалын инженер, геологийн мэргэжлээр суралцан төгсжээ.
Г.Хаянхярваа 1968-1970 онд “Бага газрын чулуу”-ны Монгол-Унгарын хамтарсан хайгуулын ангид инженерээр, 1970-1972 онд Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1:20000 зураглалын ангийн ерөнхий геологичоор, 1972-1978 онд Түлш, эрчим хүч, үйлдвэр, геологийн яамны Геологи шинжилгээний газрын Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст, 1978-1996 онд Улсын төлөвлөгөөний комисс, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо, Үндэсний хөгжлийн газрын Технологи, хөрөнгө оруулалтын газарт мэргэжилтнээс эхлэн дэд захирлаар ажиллаж, 1996-2004 онд Сангийн яам /Санхүү, эдийн засгийн яам/-ны Төсвийн бодлогын газар, Төрийн сангийн газар, Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газар, Салбарын бодлого, хөрөнгө оруулалтын газарт ажиллаж байгаад 2004 онд гавьяаны амралтдаа гарчээ.
Тэтгэвэрт гарснаас хойш 2005-2008 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, 2008-2010 онд Стратеги, судалгааны хүрээлэн, 2010-2011 онд Улсын Их Хурлын гишүүн Д.Балдан-Очирын зөвлөх, 2011-2012 онд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржийн зөвлөх, 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдоржийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
Улсад ажиллах хугацаандаа 1981-1985, 1986-1990 онд Геологи, уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэл болон 1990 оноос 2003 он хүртэл Монгол Улсын хөрөнгө оруулалтын хэтийн төлөв, үндсэн чиглэлийг боловсруулахад биечлэн оролцож, Мардайн Ураны ордын нөөцийг Москва хотод хамгаалж, газар дээр нь судалгаа хийсэн байна.
Мөн Г.Хаянхярваа мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран Монгол Улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан “Алт” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсруулан 1991 онд батлуулсан байна.
Түүний Монгол Улсын эдийн засаг, төлөвлөлтийн салбарт хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор хоёр удаа шагнажээ.
Эрхэм хүмүүний хөдөлмөрч зан, хүнлэг, нандин чанар, эгэл даруу дүр төрх нь Бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотнынхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН, САНГИЙН ЯАМНЫ АХМАДЫН ХОРОО, АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

