Эмгэнэл

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2024 оны 03 сарын 15


                                                                               ЛУВСАНДАГВЫН ЭНХТАЙВАН

                                                                                           (1955-2024)

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Гавьяат эдийн засагч, доктор, профессор Лувсандагвын Энхтайван 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж, санхүү, эдийн засгийн салбарт хүнд гарз тохиолоо.

Л.Энхтайван нь 1955 оны 12 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотноо Ардын эмч, академич Э.Лувсандагвын бага хүү болон төрсөн. 1973 онд нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 1978 онд ХБНГУ-ын Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч-математикч мэргэжлээр тус, тус төгссөн.

Тэрээр ажлын гараагаа “Улсын төлөвлөгөөний комисс”-т мэргэжилтнээр эхлүүлж улмаар 1983-1989 онд ХБНГУ-ын Залуучуудын дээд сургуульд багш, орчуулагч, 1990-1993 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтэд ахлах багш, эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, 1994-2004 онд Удирдлагын академийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, 2000-2004 онд Санхүү эдийн засгийн яамны дэд сайд, 2004-2008 онд Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Вена дахь НҮБ-ын салбар төвд суугаа байнгын төлөөлөгч, 2009 оноос Санхүү, эдийн засгийн бодлогын судалгааны төвийн тэргүүн, 2011 оноос өнөөдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр ажиллаж байсан.

Тэрээр Монгол Улсын нийгэм, санхүү, эдийн засгийн байдал сайнгүй байх үед Сангийн дэд сайдаар ажиллаж, Монгол улсад төсвийн хөрөнгө оруулалт хийх, барилга байгууламж барих, бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг ил тодоор өрсөлдүүлэн сонгож, хяналттайгаар хэрэгжүүлдэг шинэ тогтолцоог бий болгоход гар бие оролцож ажилласан болно.

Л.Энхтайван нь санхүү, эдийн засгийн салбарт нийт 40 гаруй жил ажиллахдаа Сангийн дэд сайдын хариуцлагатай албыг 4 жил эрхэлж, санхүү, эдийн засгийн албыг бэхжүүлэх их үйлсэд өөрийн мэдлэг чадвар, арвин туршлагаа харамгүй зориулж ирсэн эрдэм чадалтай эрхэм хүмүүн байсан билээ.

Түүний олон жилийн нөр их хөдөлмөр амжилт бүтээл, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Эдийн засгийн тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Гавьяат эдийн засагч цол, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.

Лувсандагвын Энхтайваны улс орны санхүү, эдийн засгийн хөгжил, чадавхыг бий болгоход гаргасан хүчин чармайлт, хувь нэмэр, ажилсаг, нөхөрсөг зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэж, санхүү, эдийн салбарт тодоос тод гэрэлтэж байх болно.



УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН



Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он