ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН, ДЭЛХИЙН БАНКНЫ 2021 ОНЫ ХАВРЫН УУЛЗАЛТ 2021.04.05-11-НЫ ӨДРҮҮДЭД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ОРОЛЦЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 04 сарын 23


ОУВС, Дэлхийн банкны гишүүн орнуудынхаа нөхцөл байдал болон дэлхийн эдийн засаг, тулгамдсан асуудлуудын талаар жил бүр 2 удаа өргөн хүрээний төлөөлөгчид оролцсон уулзалт хийдэг билээ. ОУВС, Дэлхийн Банкны 2021 оны хаврын уулзалт 2021.04.05-11-ны өдрүүдэд болж өнгөрсөн бөгөөд энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.  Сангийн сайд Б.Жавхлан ОУВС, Дэлхийн банкан дахь Монгол Улсын ЗГ-ыг төлөөлөх гол төлөөлөгчийн хувиар Нэгдсэн чуулган “КОВИД-19-ын дараах Бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал” хурал болон бусад томоохон уулзалт арга хэмжээнүүдэд оролцлоо.

Мөн уг хаврын уулзалтын хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан доорх онцлох хоёр талт уулзалтуудыг хийлээ. Үүнд:

  1. ОУВС-ийн дэд захирал ноён Мицүхиро Фүрүсава
  2. Дэлхийн банкны Ази, номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Викториа Кваква
  3. Дэлхийн банкны группт Монгол Улсыг төлөөлөх үүрэг бүхий захирал ноён Нэйжэл Рэй
  4. ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жиоф Готлиб болон ажлын хэсгийн бусад гишүүд

Дээрх уулзалтуудын хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого болох “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” болон түүний хэрэгжилт зэрэг цаг үеийн бусад асуудлуудын талаар санал солилцов. 

Мөн Монгол Улс дахь Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, Засгийн газар эн тэргүүнд иргэдээ вакцинд бүрэн хамруулахаар бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгааг онцлохын зэрэгцээ цар тахлын энэ хүнд үед ажлын байрыг хамгаалахад Засгийн газар анхаарч байгааг дурдав. Мөн Олон улсын байгууллагуудаас гишүүн орнуудын вакцинжуулалтад зориулан олгож буй санхүүгийн дэмжлэгийн зарим шаардлагаа эргэн харах, илүү уян хатан болгох нь ялангуяа хөгжиж буй орнуудад ихээхэн дэмжлэг болохыг Сангийн сайд Б.Жавхлан хүсч, уриаллаа.

Уг уулзалтуудын явцад ОУВС, Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үр дүнтэй, шуурхай байгааг дурдаж, мөн шаардлагатай үед хөл хорио тогтоож, иргэдээ шинжилгээнд хамруулж, вакцинжуулалт бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад харьцангуй хурдтай байгааг сайшаан тэмдэглэлээ. Мөн түүнчлэн ирэх жилүүдэд хамтран ажиллах түншлэлийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

 

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он