МОНГОЛ, КАНАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 05 сарын 27


Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын есдүгээр хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.  Дугуй ширээний уулзалтыг Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан, Канадын талаас Олон улсын хөгжлийн сайд хатагтай Карина Гөүлд нар нээж үг хэлэв. 

Талууд цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, эдийн засгаа сэргээх, хямралыг даван туулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхайн бус салбарт нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцож, улмаар хөдөө аж ахуйн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулахаар тохиролцов. Манай талаас зам тээвэр, барилгын салбарт Канад Улсын стандартуудыг нэвтрүүлэх саналыг тавьж ярилцлаа. Манай улсад хэрэгжүүлж буй Канадын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, хүчирхийллээс хамгаалах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албаны чадавх, бие даасан байдлыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй хэрэгжиж байгаад Сангийн сайд Б.Жавхлан талархал илэрхийлсэн ба Канадын талаас манай улсад хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдсэн. Дугуй ширээний энэ удаагийн уулзалтаар “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал"-ыг тохиролцсоноо зарласан. Канад нь манай улсын уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2023 онд тохиох юм.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он