САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 06 сарын 13


 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны удирдлагууд өнөөдөр (2019.06.13) Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөлд 54 улсыг төлөөлөх 8 Гүйцэтгэх болон Орлогч захирлуудыг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэл, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь цаг үеэ олсон, бодит үр дүн бүхий төслүүд байдгийг онцлон тэмдэглэж, эдийн засгийн хүндрэлийн үед уян хатан, хурдан, үр дүнтэй хамтарч ажилласан АХБ-ны хамт олонд талархал илэрхийлсэн юм.

 Захирлуудын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн. Тухайлбал Монгол Улсын Засгийн газар АХБ-тай хамтын ажиллагааны стратегийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, Монгол Улсын хилийн боомт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, эрчим хүчний тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зэрэг чухал чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

АХБ-ны Захирлуудын зөвлөл нь 12 Гүйцэтгэх захирлаас бүрддэг ба АХБ-ны нийт 67 гишүүн улсыг төлөөлж, гишүүн орнууддаа олгох зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг батлах, АХБ-ны санхүүгийн тайланд  хяналт тавих, бодлогын баримт бичгүүдийг батлах зэрэг ажлууд хийж гүйцэтгэдэг. Харин Сангийн сайд нь АХБ-нд Монгол Улсыг төлөөлөх захирагч юм. 

АХБ нь өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монгол Улсад боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий 320 гаруй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн хамгийн том хөгжлийн түнш байгууллага болно.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он