“ДЭЛХИЙН БАНК”, “ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3” ТӨСЛИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМГИЙН ЗАРИМ СУМДАД АЖИЛЛАЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 09 сарын 21


                "Дэлхийн банк”, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн ажилтнууд Хэнтий аймгийн Хэрлэн, Баян-Овоо, Дорнод аймгийн Хэрлэн, Хөлөнбуйр, Халхгол сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн зарим ажлуудтай газар дээр нь танилцлаа.

            “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 330 сумын орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор сумдын бүх шатны албан хаагчдыг чадавхжуулах, иргэдийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэгждэг.

            Энэ удаагийн томилолтын хүрээнд дээрх сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамддаг асуудал болон давуу талыг тодорхойлох ярилцлага хийж, санал, туршлага солилцсон ба тэдгээрийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж цаашид төслийн үйл ажиллагаанд анхаарч тусгах зорилготойгоор ажиллалаа.

            Хэнтий аймгийн Баян-Овоо сум

            Баян-Овоо сум энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн иргэдээс санал авах төлөвлөлтийн үе шатанд “Аравт” дэд төслийг санаачлан туршсанаар иргэдийнхээ ирц, оролцоог 4 дахин нэмэгдүүлж чадсан.

            “Аравт” төслийн гол санаа нь ойролцоо нутагладаг 10 өрхийг нэг аравтын бүлэг болгон зохион байгуулж, энэ бүлгээрээ дамжуулан бүх төрлийн үйл ажиллагаанд иргэдээ татан оролцуулах юм. Мөн баг тус бүрд “хөгжлийн чиглүүлэгч” томилж, тэдгээр чиглүүлэгчид багийнхаа нийт аравтуудад очиж орон нутгийн хөгжлийн сангийн мэдээ, мэдээллийг өгч, саналаа хэрхэн гаргах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж тодорхой мэдлэгтэй болгосны дараа 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын санал авч, эрэмбэлсэн байна. Ингэснээр иргэдийн идэвх нэмэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, саналаа зөв тодорхойлоход ач холбогдолтой үр дүн гарсан байна. Цаашид Хэнтий аймгийн бүх сумдад “Аравт” дэд төслийг жишиг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг аймгийн удирдлагуудтай уулзах үеэр онцолж байлаа.

Дорнод аймгийн Халхгол сум

             Халхгол сум нь Монгол орны хамгийн зүүн хязгаарт оршдог алслагдсан сумдын нэг. 2016 оны “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ээр хамгийн доогуур үзүүлэлттэй байсан тус сум өнгөрсөн онуудад орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаагаа сайжруулсны дотор иргэдийн оролцооны үзүүлэлтээ 70 хувьд хүргэж чадсан байна. Гэсэн хэдий ч бусад бүх шалгуурын оноог дундажлан гаргасан ерөнхий үзүүлэлт нь 35 хувь байсан нь улсын дунджаас доогуур байна.

            Энэ жил “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс бүх сумдад олгосон “санхүүгийн ерөнхий дэмжлэг”-ийн хүрээнд Халхгол сумын орон нутгийн хөгжлийн санд 116 сая төгрөгийн “санхүүгийн ерөнхий дэмжлэг” үзүүлээд байна.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум

              Улсын тэргүүний Хөлөнбуйр сум нь өнгөрсөн оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хийсэн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ээр 22 хувийн үзүүлэлттэй байсан бол энэ онд 2 дахин нэмэгдүүлж 52,5 хувьд хүргэжээ. Тус сум иргэдийнхээ саналд тулгуурлан бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор жилд 2-3 ширхэг инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж ашиглалтад оруулсан байна. Мөн сар бүрийн мэдээлэх хуудас, сумын цахим хуудас, урсдаг самбар болон улирал тутам албан хаагчдаараа дамжуулан айл өрхүүддээ орон нутгийн хөгжлийн сангийн мэдээ, мэдээллийг хүргэдэг байна. 


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2019 он