СУМДЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРЧ БАЙНА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 09 сарын 21


        Монгол улсын Засгийн газар, “Олон улсын хөгжлийн ассоциаци” хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Удирдах хорооны ээлжит хурал 9 дүгээр сарын 7-ы өдөр боллоо. Хурлаар төслийн 2018 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн явц болон 330 сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий үр дүнг хэлэлцлээ.

         “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-г хөндлөнгийн бие даасан хуулийн этгээдүүд хийдэг ба энэ удаагийн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий үр дүнд 2019 онд нийт 222 сум “урамшуулал” авах шалгуурыг хангажээ. Сумдын орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-г 2016 оноос эхлэн жил бүр хийж байна. Энэ удаагийн үнэлгээгээр улсын дундаж оноо 50 хувьд хүрсэн нь өмнөх жилийнхээс 13 хувийн өсөлттэй үзүүлэлт юм.

          Мөн “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс 2018 онд нийт 330 сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор “санхүүгийн ерөнхий дэмжлэг” үзүүлсэн. Ингэснээр “урамшуулал” болон “санхүүгийн ерөнхий дэмжлэг” нийлээд 17 тэрбум төгрөгийг сумдын орон нутгийн хөгжлийн санд олгосон бол ирэх онд 15 тэрбум төгрөг олгохоор урьдчилсан тооцоо гараад байна.

 

 


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2019 он