САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР МОНГОЛ, ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН СОЛИЛЦОХ НООТ БИЧИГ БОЛОН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 06 сарын 11


Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 309.0 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд М.Такаока болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар өнөөдөр (2019.06.11) гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог чухал ач холбогдолтой хөтөлбөр юм.

Уг хөтөлбөрийн хамрах хүрээ өргөжиж 2016 оноос хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдах боломжтой болсон.

Энэ удаагийн байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 20 хүнийг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд магистр, докторт суралцуулна. Үүнээс18 нь төрийн албан хаагч, 2 нь хувийн хэвшлээс хамрагдах юм.

Монгол Улс энэхүү хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж одоогоор 19 төсөл хэрэгжиж, 340 оюутан Японы их дээд сургуулиудад суралцаад байна. Ингэхдээ ихэвчлэн  санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, боловсрол, ур чадвараа дээшлүүлэн, эх орондоо буцан ирж төрийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш орон бөгөөд Монгол Улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийн даван туулахад хамтран ажиллаж, 1990 оноос хойш нийт 329.0 гаруй тэрбум иений зээл, тусламжийг олгоод байна.


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он