Мэдээ, мэдээлэл

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 04 сарын 04


Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд авахаар тохиролцож Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан билээ.

Энэхүү Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд талууд “Солонго 1 болон Солонго 2 орон сууцны хороолол”, “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол” төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцож төслүүдийн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийн судалгааг БНСУ-ын Эскпорт-Импорт /Эксим/ банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр зээл авах стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулахаар 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүй болон Солонгос талаас Эксим банкны Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хэрэгжилт хариуцсан газрын захирал Кү Бун Хён нар гарын үсэг зурлаа.

Түүнчлэн “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол” төслийн ТЭЗҮ-ийн  судалгааг 613 мянган ам.долларын тусламжаар хэрэгжүүлэх тухай Санамж бичигт Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар болон Солонгос талаас Эксим банкны Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хэрэгжилт хариуцсан газрын захирал Кү Бун Хён нар гарын үсэг зурав.

 

Дээрх Төслүүдээр нийт 7026 айлын орон сууцны хороолол баригдаж гэр хорооллын айл өрхүүдийг түрээсийн орон сууцаар хангах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм.

 

 


САНГИЙН ЯАМ © 2019 он