Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 01 сарын 30
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдах ажилтны зөвлөгөөн” 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөний хүрээнд “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, үр ашиг ба хууль, эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Илтгэлд Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, тайлагналтын тогтолцоо, 2025 оны гүйцэтгэл, 2026 онд батлагдсан хөрөнгө оруулалтын бүтэц, төсөл хэрэгжилтийн үр ашиг, хугацаа, санхүүжилтийн асуудлууд, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем (PIMIS)-ийн нэвтрүүлэлт, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийн үндэслэл, шинэчлэлийн чиглэлүүд зэрэг сэдвүүдийг онцлон танилцууллаа.

Мөн төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтэд тулгарч буй нийтлэг хүндрэл, санхүүжилтийн саатал, хугацаа сунгалт, өртгийн нэмэгдлийн шалтгаан, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг солилцлоо.
Зөвлөгөөний үеэр төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд Барилгын хөгжлийн төв, аймгуудын Газрын харилцаа, хот байгуулалтын газрууд, түүнчлэн хяналтын бусад байгууллагуудын уялдаа холбоо, оролцоо онцгой ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд төслийн чанар, үр ашиг, хугацаанд нь хэрэгжих нөхцөлийг хангахын тулд хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, хяналт шалгалтын ажлыг илүү үр дүнтэй, хариуцлагатай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдсан юм.
Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагууд оролцож, салбарын бодлого, төлөвлөлтийг уялдуулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

