САНГИЙН ЯАМ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 11 сарын 27


“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил дэлхий нийтэд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Ковид-19 халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх 2020 оны 11-р сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Засгийн газрын гишүүд танхимаараа нэгдэж байгаагаа мэдэгдээд өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалав.

Уг аянд Сангийн яамны албан хаагчид нэгдэж байна. Та бүгдийг гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, айдасгүй, амар амгалан орчинг бий болгоход дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

  • Гэртээ байгаа энэ цаг мөчид яг одоо гэр бүлтэйгээ ЯРИЛЦЬЯ
  • Хэрвээ таны эргэн тойронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа бол яг одоо МЭДЭЭЛЬЕ
  • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аянд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, айдасгүй, амар амгалан орчинг бий болгоход дуу хоолойгоо НЭГТГЭЕ.

Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2021 он