МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 10 сарын 01


Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барилаа.

Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заагдсан 2021 оны тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага болон тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээнд Монгол Улсын 2021 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн нийцүүлж хуулийн төслийг боловсруулсныг Сангийн сайд дурдаад төсвийн төслийн үндсэн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангаж байгааг онцлов.

 Монгол Улсын Засгийн газар ирэх 2021 онд дараах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

· Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.    

· Татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, гаалийн шинэчлэлийн үр дүнд экспортыг нэмэгдүүлж, баялгаас орох орлогыг бүрэн хураах, технологийн дэвшил ашиглан татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах,

· Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын үйлчилгээг коронавируст (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөсөн.

Иймд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2,692.8 тэрбум төгрөгөөр бууруулж, -2,153.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төслийг боловсрууллаа.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он