УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ 2 ЭГНЭЭ ЗАМ БАРИХ ТӨСӨЛ БОЛОН УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨСЛИЙН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 01 сарын 10


Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Дарханы чиглэлд нэмэлт 2 эгнээ зам барих төсөл болон Улаанбаатар хотын дулааны сүлжээ төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл хэрэгжүүлэх Төслийн гэрээнд УБДС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан, нөгөө талаас Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Бүс нутгийн дэд бүтцийн асуудал хариуцсан захирал Екатерина Мирошник нар 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус тус гарын үсэг зурлаа.

Улаанбаатар-Дарханы чиглэлд нэмэлт 2 эгнээ зам барих төслийн хүрээнд 202 км 4 урсгалтай Asia Highway 3 стандартын 1 дүгээр зэрэглэлийн зам баригдах бөгөөд Монгол-Орос-Хятад эдийн засгийн корридор байгуулах хөтөлбөр, Бүс ба зам санаачлага зэрэг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Төслийг нийт 137.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр шийдвэрлэж байгаа бөгөөд зээлийн хугацаа нь 18 жил, үүнээс эхний 4 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.

 Улаанбаатар хотын дулааны сүлжээ төслийн хүрээнд нийт 11.4 км магистралын шугамыг өргөтгөн шинэчлэх, дулаан дамжуулах сүлжээнүүдэд ухаалаг тоолуур тавих, цахим системээр мэдээлэл дамжуулах, хянах, дулаан дамжуулах шугамуудын зангилаа цэгүүдийг алсын зайн хяналт, удирдлагын орчин үеийн СКАДА системд холбох гэх мэт дулааны шугамын алдагдлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх ажлууд хийгдэх юм.

Тус төслийг нийт 16.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх ба үүнээс 10.0 сая ам.доллар нь зээл, 5.0 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн 1.5 сая ам.доллар нь техникийн туслалцаа хэлбэртэй байна. 

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он