Замын-үүд боомтын шинэчлэл, бүтээн байгуулалтын шав тавилаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 09 сарын 12


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр /2019.09.12/ боллоо.

Уг бүтээн байгуулалтыг  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 201 сая юань (75 тэрбум төгрөг)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдана.

Тус арга хэмжээнд УИХ-н гишүүн Б.Дэлгэрсайхан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэ Жунь, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны дэд дарга Дан Инжие, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Боомтын шинэчлэлийн ажилд Монголын талаас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн дугаар анги, буулгах ажилд оролцох бол барилга угсралтын гүйцэтгэгчээр олон улсад нэр хүнд бүхий БНХАУ-ын "Жунмэй Инженеринг Групп", менежментийн багаар "China IPPR International Engineering Corporation" шалгарсан.

 Эхний ээлжид  зорчигч тээврийн цогцолбор, дараа нь ачаа тээврийн цогцолборыг ашиглалтад оруулах юм.

Замын-Үүд боомтыг шинэчлэх, өргөтгөх бүтээн байгуулалт хийгдсэнээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ.

 Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан энэ сарын 01-ний өдрөөс тус боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлсэн.

Түр горимд шилжүүлж байгаатай холбогдуулан хил, гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулаад байгаа юм.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он