САНГИЙН ЯАМ ОНЦЛОХ АЖИЛ-2019

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 12 сарын 31


Сангийн яам 2019 онд эдийн засгийг тогтворжуулах, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн амьжиргааг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлж, санхүү, мөнгөн хөрөнгийг оновчтой удирдан сахилга батыг чанд сахиулж ажилласнаар олон эерэг үр дүн гаргалаа. Эдгээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаас онцлон Та бүхэнд танилцуулж байна.

ОНЦЛОХ АЖИЛ 20191. Засгийн газрын “Татварын шинэчлэл”-ийн зорилтын хүрээнд 2019 онд батлуулсан Татварын багц хуулиар ИРГЭН Танд олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлхээр боллоо.

Иргэдэд НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгоно; алслагдсан аймагт бизнес эрхэлдэг бол 90 хүртэлх хувийн орлогын татварын хөнгөлөлт эдлүүлнэ; анх удаа хувьдаа орон сууц худалдан авбал 6 сая төгрөгийн татварыг буцааж олгоно; хөгжлийн бэрхшээлтэй бол орлогын татвараас бүрэн чөлөөлөгдөнө; хувиараа бизнес эрхлэгчид хялбаршуулсан горимоор татвараа тайлагнаж төлнө; гадаадад татвар төлсөн орлогоос давхар татвар төлөхгүй зэрэг боломжуудыг бүрдүүллээ.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 – 1.1 Татварын шинэчлэл”-ээр БИЗНЕС ЭРХЛЭГЧ та

- 300 сая хүртэлх орлоготой бол 1 хувийн орлогын татвар төлнө;
- 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан авч жилд 2 удаа тайлан гаргана;
- 50 сая төгрөг хүртэл орлоготой бол жилд 1 удаа хялбаршуулсан тайлан гаргаж орлогын 1%-ийн татвар төлөх боломжтой;
- алслагдсан аймагт бизнес эрхэлдэг бол 90 хүртэл хувийн орлогын татварын хөнгөлөлт эдлэнэ;
- татварын тайлангаа тушааснаас хойш 1 жилийн хугацаанд залруулна;
- 25 хувийн орлогын татвар төлөх ашгийн босго 6 тэрбум болон нэмэгдэх гэх мэт боломжууд бий боллоо.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 – 1.2 “Татварын шинэчлэл”-ээр үндэстэн дамнасан томоохон корпорациудын татвараас зайлсхийхийн эсрэг дүрмүүд болон татварын ил тод байдлын стандартуудыг нэвтрүүлж, татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс, оффшор бүсээс мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж Монгол Улсын татварын тогтолцоог дэлхийн жишигт нийцүүллээ.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 – 2. Засгийн газрын “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хилийн боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилснээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гаалийн байгууллагаар түргэн шуурхай, саадгүй үйлчлүүлж эрх ашиг нь хамгаалагдсанаар гадаад худалдааны эргэлт нэмэгдэнэ.

Хилийн боомтуудад өндөр хүчин чадлын орчин үеийн рентгэн, түүхий эдийн агуулгыг тодорхойлох төхөөрөмжүүд бүхий тээврийн хэрэгслийг шуурхай хэрэгжүүлэх ухаалаг гарцууд, олон улсын итгэмжлэл бүхий гаалийн лабораторуудыг шинээр байгуулснаар экспортын байгалийн баялгаасаа татварыг бүрэн хурааж, хууль, бус чанаргүй бараа хилээр нэвтрүүлэхээс сэргийлэх ажлууд хэрэгжиж эхэллээ.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 – 2.1 “Гаалийн шинэчлэл”-ийн ажлын явцын талаар танилцуулъя.

Замын-үүд, Гашуунсухайт, Алтанбулаг боомт, гаалийн шуурхай удирдлагын төв, гаалийн төв болон салбар лабораториудын барилга угсралтын ажлууд эхэллээ. Түүнчлэн, хар тамхи илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр гаалийн байгууллагыг бүрэн хангаж ажилласан бөгөөд рентген, телехяналтын систем, ухаалаг гарц, автоматаар дээж авч шинжлэх тоног төхөөрөмжүүдийн худалдан авалтын ажлууд эхлээд байна.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 – 3. Засгийн газрын “Өрийн дарамтыг бууруулах" зорилтын хүрээнд 2019 онд Арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй зээл авахгүйгээр төсвийн сахилга батыг сайжруулж 1.5 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 8.0 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлснөөр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 55% болж 2016 оноос хойших хамгийн бага түвшинд ирлээ.

Түүнчлэн Засгийн газрын өрийн дарамтыг бууруулах зорилт, арга замыг тодорхойлсон стратегийн баримт бичгийг УИХ-аар батлууллаа. Улмаар өрийн дарамт цаашид тасралтгүй буурч 2022 онд ДНБ-ий 40%-д хүрнэ.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 – 4. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын 29 тусгай санд хийсэн санхүүгийн хяналт, шалгалтын үр дүнд үндэслэн Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж, ил тод байдал, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн батлууллаа.

Хуулийн шинэчилсэн найруулгаар нийт 7 санг татан буулгаж, 2 санг нэгтгэн зохион байгуулж, нэг санг шинээр нэмсэн.
Засгийн газрын тусгай сангуудад хийсэн санхүүгийн хяналт, шалгалтаар 422.8 тэрбум төгрөгийн зөрчил, дутагдлыг илрүүлж, зөрчил, дутагдлыг арилгах акт, албан шаардлага, зөвлөмжийг өгч ажиллалаа.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 – 5. Монгол Улс анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй үедээ өвлүүлэх 538 тэрбум төгрөгийн хуримтлал-ыг бий болголоо. У.Хүрэлсүхийн Засгийн газар ирээдүй хойч үедээ өр биш хуримтлал үлдээхийн төлөө ажиллаж байна.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 - 6 : Иргэд, аж ахуйн нэгж, олон нийтэд улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг ил тод болгосон гар утасны аппликэйшнтэй боллоо.
Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явцыг иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй болгосон “төсвийн хөрөнгө оруулалт” гар утасны аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүллээ.
Ингэснээр улсын төсвийн санхүүжилтээр ажил гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж, байгууллага энэ аппликэйшныг ашиглан санхүүжилтийн хүсэлтээ хаана явааг гар утаснаасаа хялбархан мэдэх боломжтой болсон. Улмаар төслүүдийн санхүүжилт ил тод, түргэн шуурхай, санхүүжилтийн явцыг бодитой хянах хяналтын систем бүрдүүлэв.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 - 7. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг ажлын 1-3 хоногт түргэн шуурхай олгодог боллоо. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт 2019 онд анх удаа 1.3 их наяд төгрөгт хүрлээ. Санхүүжилтийг ил тод, саадгүй олгох тогтолцоог бий болгосноор улсын хэмжээнд хэрэгжиж буй 1293 төслийн хэрэгжилтийн үр дүн сайжирлаа. Ингэснээр 48 сургууль, 81 цэцэрлэг, 12 дотуур байр, 30 эмнэлэг, 37 соёл, спортын цогцолбор, 74 дэд бүтэц, инженерийн байгууламжууд ашиглалтанд орлоо.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 - 8. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, тендерийн мэдээллийг ил тод болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх өөрчлөлтийг тендерийн хуульд орууллаа.
Дотоодод үйлдвэрлэж байгаа чанар, стандартын шаардлага хангасан барааг үйлдвэрлэгчээс шууд худалдан авдаг боллоо. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох нийт 9 зохицуулалтыг хуульд тусгалаа. Шинээр тендерт оролцогчийн ажиллах хүчний 30 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлдэг бол давуу эрх олгох зохицуулалтыг бий болгов.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 - 9. Тендер шалгаруулалтын бүх мэдээлэл ил тод боллоо.
Тендер шалгаруулалтын урилга, үр дүнг цахим системээр дамжуулан олон нийтэд ил зарлах, тендерт шалгарсан оролцогчийн материал болон үнэлгээний хорооны шийдвэртэй бусад оролцогч танилцах эрхтэй боллоо. Ингэснээр захиалагч байгууллагын тендерийн үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн эсэхийг тендерт оролцогч хянах боломжтой болж авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүллээ.

ОНЦЛОХ АЖИЛ 2019- 10. Худалдан авах ажиллагааны хариуцлагыг нэмэгдүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж байна.
Гэрээний үүргээ биелүүлдэггүй, худал материал бүрдүүлэн тендерт оролцдог компаниудыг хар жагсаалтад бүртгэх ажлыг хийж байна.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 - 11. Хөгжлийн түншүүд болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хоёр болон олон талт 81 удаагийн өндөр түвшний уулзалт арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагаанд ахиц, дэвшил гаргалаа. Ингэснээр 37 гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлуулж, чухал ач холбогдол бүхий том төслүүдийг хэрэгжүүлэх урт хугацаатай, хөнгөлөлттэй 1.7 тэрбум ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүллээ.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 – 12. Төсвийн  санхүүжилтийг өр үүсгэхгүйгээр санхүүжүүллээ

Төрийн сангаас гадуурхи төсвийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, үр ашгийг нэмэгдүүлснээр улсын төсвийн санхүүжилтийг ажлын 1-3 хоногт багтаан шуурхай олгодог боллоо. Төсвөөс өндөр хүүтэй бонд гаргаж, зээл авалгүйгээр улсын төсвийн санхүүжилтийн нийт 7.7 их наяд төгрөгийг цаг хугацаанд нь шуурхай саадгүй олгосон байна. Түүнчлэн хүүхдийн мөнгө, НӨАТ-ийн буцаан олголт, арьс шир, ноосны урамшуулал зэргийг иргэдийн дансанд 3 цагийн дотор олгож байна.   

ОНЦЛОХ АЖИЛ 2019 - 13. Бүртгэл, санхүү, эдийн засгийн Улсын зөвлөгөөн анх 1965 онд түүнээс хойш 1980, 2003, 2007, 2011 онуудад зохион байгуулагдаж байсан. Энэ удаагийн VI зөвлөгөөн нь 8 жилийн дараа “Монгол Улсын банк-санхүүгийн хөгжлийн чиг хандлага”, “Нягтлан бодох бүртгэл, үнэлгээ, аудит: шинэчлэл, сорилтууд”, “Макро эдийн засаг, статистикийн төлөв байдал, хөгжлийн хандлага”, “Төсвийн шинэчлэл, сорилтууд” сэдвээр нэгдсэн болон салбар хуралдаануудаар амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр Санхүү, төсөв, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, аудит, үнэлгээний салбарт төрөөс баримтлах бодлого чиглэлээ тодорхойлж цаашид баримтлан ажиллахаар боллоо.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 - 14. ТӨСВИЙН САХИЛГА БАТЫГ САЙЖРУУЛЛАА

Төсвийн сахилга батыг сайжруулах зорилтын хүрээнд 2019 онд төсвийн болон төрийн өмчит байгууллагуудад хяналт, шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилт, хөрөнгийн ашиглалт, үр ашгийн байдалд хяналт тавьж, хуулийн хүрээнд акт, албан шаардлага, зөвлөмж өгч ажиллалаа.

Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2.2 их наяд  төгрөгийн, “Монголросцветмет” ТӨҮГ-т 51.7 тэрбум төгрөгийн, Засгийн газрын тусгай сангуудын хяналт, шалгалтын дүнгээр 397.6 тэрбум төгрөгийн зөрчил тус тус илрүүллээ.

Монгол Улсын Засгийн газар төрийн өмч, хөрөнгийн зарцуулалт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллалаа.

ОНЦЛОХ АЖИЛ 2019 - 15. Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог хялбар, шуурхай болголоо

Иргэд өмнө нь төрийн үйлчилгээний төлбөрийг төлөхөд арилжааны банканд дугаарлаж олон дансанд гүйлгээ бичдэг хүндрэлийг арилгаж төлбөрийг хүмүүсийн хэрэглээнд нэвтэрсэн Е-баримт аппликэйшнээр төлдөг болголоо. Одоогоор төрийн 111 төрлийн үйлчилгээг хамруулснаар иргэд банкинд дугаарлаж цаг алдахгүй, гар утаснаасаа төлбөр хураамжаа түргэн шуурхай төлөх боломжийг бүрдүүллээ.

 

 

 

 

 

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он