Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлагдлаа.

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2025 оны 05 сарын 30


Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хурлын  49 дүгээр тогтоолоор баталлаа. 



Засгийн газрын зүгээс Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн төслүүдийг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулдаг бөгөөд Улсын  Их хурлын зүгээс 2015 онд “Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг”, 2019 онд “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”, 2022 онд “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг”-ийг тус тус баталж, стратегийн баримт бичгүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. 



Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийн хувьд дараах 4 зорилтыг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

•    Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан, эдийн засгийн бодит өгөөжтэй, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн ээлжид хэрэгжүүлэх бодлогыг баримтална.

•    Засгийн газрын өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, дунд болон урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

•    Болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн үнэт цаас болон Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийг хязгаарлах; 

•    Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасны арилжааг тогтмолжуулан зах зээлийн суурь хүүг тогтоох замаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын бааз суурийг тэлэх зэрэг болно.



Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр Засгийн газрын өрийн багцын эрсдэлийн үзүүлэлтүүд сайжирч, дотоодын санхүүгийн зах зээл идэвхжин, Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.


Хавсралт файл:
Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг - Монгол хувилбар

Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он