Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 17 цагийн өмнө

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 342.0 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд М.Игавахара болон ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нар 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гарын үсэг зурлаа.
Япон Улс нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг дэмжих, энэ хүрээнд салбаруудад тулгамдаж буй хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж, институцын чадавх бэхжүүлэх хүрээнд нягт хамтран ажиллаж, найдвартай, ойрын түнш байж ирсэн билээ.
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуулиудад суралцуулж, мэдлэг олгодог хөтөлбөр билээ.
Өнгөрсөн 24 жилийн хугацаанд тус тэтгэлэг хөтөлбөрт Монгол Улсаас нийт 432 оюутан хамрагдаж, Япон Улсын тэргүүлэх их дээд сургуулиудад санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй зэрэг бүх нийтэд хүртээмжтэй хөгжлийн бодлогын чиглэлээр суралцан, мэргэжил, боловсролоо дээшлүүлсээр байна.
2025 оны санхүүгийн жилд тус хөтөлбөрийн хүрээнд магистрын болон докторын түвшний нийт 16 албан хаагчдад тэтгэлэг олгох бөгөөд Сайтама их сургууль, Японы Олон улсын их сургууль, Үндэсний бодлогын судалгааны институт, Мэйжи их сургууль, Риккёо их сургууль, Нагояагийн их сургууль зэрэг сургуулиудаас сонгон суралцах боломжтой юм.