Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар
Нийтлэсэн огноо: 7 цагийн өмнө

Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хоёр орны санхүүгийн салбарын харилцан хөгжил, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Сангийн яам нь Олон Улсын Санхүүгийн Хамтын Ажиллагааны Зөвлөл (CIFC) болон БНСУ-ын Санхүүгийн Үйлчилгээний Хороо (FSC)-той хамтран “БНСУ – Монголын Санхүүгийн Хамтын Ажиллагааны Форум”-ыг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
“Санхүүгийн зах зээлийн хөгжил, түүний тогтвортой байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдсан тус форум нь дараах гурван үндсэн сэдвийн хүрээнд өрнөв. Үүнд:
1. Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгийн зах зээлийг бэхжүүлэх,
2. Санхүүгийн аюулгүй байдал болон институцийн сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх,
3. Санхүүгийн зах зээл дэх инноваци: финтек, нээлттэй өгөгдөл, хиймэл оюун ухааны хэрэглээ.
Форумд хоёр улсын санхүүгийн салбарын зохицуулагч болон оролцогч байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцож, бодлого, туршлагаа харилцан солилцов.
Мөн уг арга хэмжээний үеэр хоёр орны ижил чиг үүрэг бүхий санхүүгийн байгууллагуудын хооронд хоёр талт уулзалтуудыг зохион байгуулж, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны шинэ гарцыг тодорхойлох боломжийг бүрдүүллээ.