Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар
Нийтлэсэн огноо: 18 цагийн өмнө

ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага, Эдийн Засаг, Хөгжлийн Яам, Сангийн Яам хамтран хэрэгжүүлж буй техникийн хамтын ажиллагааны “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөхүүд 2025 оны 6 сарын 15-наас 7 сарын 5-ны өдрүүдэд Сангийн яаман дээр ажиллаж, ажлын хэсгийн гишүүдтэй хамтран төслийн суурь судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны хүрээнд түншлэлийн төслийн бүрэн шинжилгээг хянахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, бизнес процессыг сайжруулах, ажлын хэсгийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад чиглэсэн богино болон дунд хугацааны шийдлийн талаар санал солилцлоо.
Тайлбар: Судалгааны багийн ахлагч Үчида Томохидэ болон Сангийн яамны ТХХТ хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ж. Дэлгэржаргал нар санал солилцох уулзалтын дараа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд түншлэлийн төслийн төсөвт учруулах болзошгүй өр төлбөр, төсвийн эрсдэлийг оновчтой удирдах нь нэн чухал байдаг. Сангийн яам нь төсвийн тогтвортой байдал, сахилга батыг сахин хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд түншлэлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, түншлэлийн гэрээ байгуулах зөвшөөрлийг тус тус олгож байгаа бөгөөд холбогдох журам, загваруудыг боловсруулан батлуулаад байна.
Гэсэн хэдий ч практик дээр түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, Засгийн газрын гаргах баталгаа, тэдгээрийн төсөвт үзүүлэх нөлөө, болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг тодорхойлох нэгдсэн ойлголтыг бий болгох, төслийн эрсдэлийг оновчтой тодорхойлж, хуваарилах нэгдсэн арга зүйг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд ЖАЙКА төслийн баг ажлын хэсгийн гишүүдтэй хамтран “Түншлэлийн төслийн төсвийн эрсдэлийн менежментийн удирдамж”-ийг боловсруулан гаргах зорилт дэвшүүлээд байгаа бөгөөд чадавх бэхжүүлэх хүрээнд олон улсын жишээ, сургамжийг танилцуулах сургалт, семинарыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
ЖАЙКА төсөл нь 2029 оны 2-р сар хүртэл нийт 4 жилийн хугацаанд хэрэгжих ба суурь судалгааны тайланг нэгтгэн боловсруулж, 2025 оны 9-р сард зохион байгуулах Хамтарсан Зохицуулах Хорооны эхний хуралд танилцуулахаар бэлтгэж байна.