“Нэг зорилго – нэгдсэн шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 12 сарын 13


Сангийн яам болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Нэг зорилго – нэгдсэн шийдэл” хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Сангийн яам,  Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж”, “Үнэт цаасны бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” ҮЦК ХХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч үнэт цаасны компаниудын мэргэжилтэн, албан хаагчдаас бүрдсэн нийт 120 гаруй төлөөлөл оролцов.

Арга хэмжээг нээж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар үг хэлсэн бөгөөд санхүүгийн дэд салбарыг уялдаа холбоотойгоор тэнцвэртэйгээр хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хөрөнгийн зах зээлийн хөгжил чухал үүрэгтэй болохыг дурдлаа.

 Хэлэлцүүлгийн үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөгжүүлэх бодлогын арга хэмжээ” сэдвээр Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор, “Хөрөнгийн зах зээлийг дэмжих татварын орчныг бий болгох” сэдвээр Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр нар илтгэл тавьж, “Бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт болон чанарыг сайжруулах нь , “Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих нь” “Хөрөнгийн зах зээлийн өртөг зардлыг бууруулах” гэсэн сэдвүүдээр панел хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.

 Ийнхүү “Нэг зорилго – нэгдсэн шийдэл” хэлэлцүүлгийн нийт оролцогчид хамтран хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашдын хөгжлийн шийдэл, гарцуудын талаар санал бодлоо солилцож нэгдсэн зөвлөмж, шийдэлд хүрч цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллахаар боллоо.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он