МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН САНХҮҮГИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 11 сарын 20


Сонгино дахь “Биокомбинат” Улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ)-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтөд Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михай Галошфай нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ын шаардлага хангасан вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлийн барилга, лаборатори шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно. Үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Шинэ үйлдвэр, технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг сургах, дадлагажуулах ажлыг хэрэгжүүлэх юм.

Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улс шүлхий, мялзан зэрэг өвчний эсрэг нэн шаардлагатай вакцин, эм бэлдмэлийг өөрийн оронд үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

Улмаар Монгол орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилснээр нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурч, хүн амын хүнсний баталгаат байдлын халдвараас хамаарах аюул үлэмж хэмжээгээр багасч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшлэхэд онцгой ач холбогдолтой юм.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он