ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 10 сарын 09


Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд нэмэлтээр 236.0 сая ам.долларын санхүүжилт олгох зорилго бүхий зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгууллаа.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банкийг төлөөлж Ерөнхий захирал Сри Сараож Күнтиа нар өнөөдөр /2019.10.09/  гарын үсэг зурж баталлаа.

Гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд М.П. Сингх нар болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Төслийн гол зорилго нь  дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, Монгол Улсын эдийн засагт хувь нэмрийг оруулах, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн евро стандартын түлш шатахуунаар ханган, улмаар аж үйлдвэрийн цогцолборын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть-химийн үйлдвэрийн суурийг бий болгоход оршино. Үйлдвэрийг тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байгуулахаар ажиллаж байна.

Газрын тос олборлож экспортолдог хэдий ч боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь гаднаас худалдан авдаг, түүнд жилд дунджаар 1.0 тэрбум ам.доллар зарцуулдаг, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөхөд эдийн засаг, инфляцид сөрөг нөлөө үзүүлдэг манай улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь чухал ач холбогдолтой юм.

Одоогийн байдлаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц буюу Сайншандаас үйлдвэрийн байршил хүрэх  17,5 км хүнд даацын авто зам, 27 км төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэн улсын коммисд хүлээлгэн өгөөд байна.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он