ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШАТ АХИУЛАХ, АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨН ШИНЭЧЛЭХ ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 10 сарын 02


Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлах, дүүргийн жишиг эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх зорилго бүхий нийт 103 сая ам.долларын санхүүжилттэй төслүүдийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж батлав. Гарын үсэг зурах ёслолд Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөллүүд оролцлоо.

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” нь одоо хэрэгжиж байгаа төслийн үргэлжлэл ба 27 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Бичигт, Увс аймаг дахь Боршоо боомтуудыг шинэчлэн сайжруулах юм. Одоо хэрэгжиж буй төслөөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг болон Сүхбаатар боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж байна. Мөн түүнчлэн одоо хэрэгжиж буй төслийн хүрээнд хийгдэж буй Гаалийн автоматжуулсан мэдээллийн системийн өргөтгөл, гадаад худалдааны цахим нэг цонхны системийг шинээр сонгогдсон хоёр боомтод нэвтрүүлнэ.

“Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн нэмэлт санхүүжилт” болох 60 сая ам.долларын төслөөр Хүйтний хөндий – Арвайхээр чиглэлийн 58 километр авто зам болон Улаанбаатар – Дархан чиглэлийн 204 километр авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Мөн авто замд гүйцэж түрүүлэх эгнээ байгуулах, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбаруудыг байршуулах зэргээр авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна. Түүнчлэн, удахгүй байгуулагдах Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор хүрэх авто замын урьдчилсан судалгааг төслийн хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажлыг гүйцэтгэж дуусгахад 16 сая ам.долларын нэмэлт санхүүжилт зориулагдана. Энэхүү дүүргийн эмнэлэг нь эрүүл мэндийн цогц, чанартай үйлчилгээг дүүргийн иргэдэд үзүүлэхээс гадна бусад дүүргүүдэд жишиг эмнэлэг болж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилгын ажил нь төлөвлөгөөний дагуу ирэх оны 1 дүгээр улиралд дуусна.

 

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он