МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 09 сарын 26


 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар танилцуулга хийлээ. Танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгана.

 

Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын дараах бодлогын арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлнэ. Үүнд:

Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачаалал буурч, татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлж, татварын бүртгэл, тайлагнал, төлөлтийг бүрэн цахимжуулж, татварын тайлангийн тоог бууруулахын зэрэгцээ нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутам иргэдэд олгож эхэлнэ. Мөн ирэх оноос иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулна.

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч тээвэр, ачаа тээвэр, ачаа тээврийн барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламжийн цогцолборуудыг 2020 онд барьж дуусгана. Улмаар Бичигт, Боршоо боомтын шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ.

Шинэчлэлийн үр дүнд Замын-Үүд боомтын талбайн хэмжээ 8 дахин, өдөрт нэвтрүүлэх зорчигчдын тоо 4 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин, Гашуунсухайт боомтын экспортлох хүчин чадал 3 дахин, Алтанбулаг боомтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин нэмэгдэх бөгөөд зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ. Мөн гаалийн лабораториудыг олон улсын итгэмжлэлд хамруулж, экспортын голлох боомтууд дээр олон улсын стандарт шаардлагад нийцсэн, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий рентген, тоног төхөөрөмж, телехяналтын системд холбогдсон камержуулалт, эрдэс бүтээгдэхүүнээс автоматаар дээж авч богино хугацаанд дээжийн агууламж, чанарыг тодорхойлох тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлнэ.

 

Түүнчлэн, 2020 онд газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, газрын бүртгэлийг цахимжуулах, ил тод болгох ажлыг хийж гүйцэтгэнэ. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, сум, дүүргийн орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг сайжруулах зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг харьяалах сум, дүүрэгт хуваарилахаар тооцлоо.

Төсвийн зарлагын чиглэлээр нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж төсвийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Боловсролын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах, зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцах урам зоригийг залууст өгөх зорилгоор мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэх;

2. 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрын хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэх; 

 

3. Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний тарифыг ижил тогтоож, нэмэгдүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангах зэргээр эрүүл мэндийн салбарт өрсөлдөөн бий болгож эмчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх;

4. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломж олгох;

5. Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх;

6. Хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ  төлөх үүргийг хөнгөлөх;

7. Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх;

8.  Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавих Экологийн цагдаагийн алба байгуулна;

9. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны Төсвийн тухай хуульд батлагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгах бодлого баримталлаа.

Мөн соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх, гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, концессын “Барих-Шилжүүлэх” төрлөөр гэрээ байгуулсан төслүүдийн эргэн төлөлтийг тусгах, орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх, боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүрэн хангах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлнэ.

Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүй байх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

            Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг   -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцсон болно.

Монгол Улсын 2020 оны төсвийн танилцуулга хавсралт файл: 

2020 оны төсвийн төсөл


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он