Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Азийн хөгжлийн банкны Монгол улсыг хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 09 сарын 06


Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны удирдлагууд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улсыг хариуцсан захирал Ёланда Фернандез Ломменийн томилогдсон хугацаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, хатагтай Ёландад хандан Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн дэмжин ажиллаж, эдийн засгийн тулгуур салбарыг төрөлжүүлэх, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх гээд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллаж, бодлогын түвшинд санал бодлоо нээлттэй солилцож ирсэн итгэлт түнш байсанд нь талархал илэрхийлсэн юм.

Мөн Ёланда Фернандез Ломмений Монгол Улсын хөгжилд үзүүлсэн хувь нэмрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдаас өгүүлсэн Талархлын захидлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гардуулан өгсөн юм.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, АХБ хамтран эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Баруун бүс, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, 10 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих, боомтын дэд бүтцийг сайжруулах, Хөвсгөл нуур, Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийн чухал коридор болох Улаанбаатар-Дарханы замыг өргөтгөн шинэчлэх, баруун босоо тэнхлэг дагуух автозамыг барих, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, 10,000 айлын орлогод нийцсэн, эко хороолол барих гээд нийт 20 гаруй төслийг батлуулан амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм.  

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он