ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 2020 ОН ДУУСТАЛ САР БҮР ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 08 сарын 05


Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.08.05-ны өдөр болж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар КОВИД-19 цар тахлын эсрэг нийгэм, эдийн засагт учруулж буй хямралыг даван туулах, иргэд, ААН-ийн үйл ажиллагааг дэмжих, эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэхэд чиглэсэн төсвийн тодотгол болон цар тахлын эсрэг цааш үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

1. Хүүхдийн мөнгө. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг сар бүр олгодог дэмжлэгийг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Нийт 1 сая 250 мянган хүүхдэд 300 тэрбум тэрбум төгрөг зарцуулна.

2. Халамжийн тэтгэмж. Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж сар бүр 288 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа арга хэмжээг 2020 он дуустал үргэлжлүүлнэ.

3. Хүнсний талон. Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн насанд хүрсэн иргэнд олгож байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг 2 дахин нэмэгдүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлнэ.

4. Нийгмийн даатгалын шимтгэл тэглэнэ. Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх НДШ-ийг 10 дугаар сарын 1 хүртэл тэглэсэн. Уг арга хэмжээг 2020 оны 10-12 дугаар саруудад шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр тооцов. Ингэхдээ шимтгэл “тэглэх” арга хэмжээнд хамрагдсан ААН, даатгуулагчийн төлөх шимтгэлийг ажил олгогч 5%, даатгуулагч 5% байхаар тооцсон. 

5. ААНОАТ. Жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-ийг орлогын албан татвараас чөлөөлсөн ба уг арга хэмжээнд хамрагдсан 105 мянга гаруй аж ахуйн нэгжийг татвараас үргэлжлүүлэхээр чөлөөлөхөөр боллоо. Үүнийг үр дүнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 15 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоно.

6. Түрээсийн татвар. Түрээсийн орлогоо бууруулсан аж ахуй нэгжүүдийн түрээсийн орлогод ногдох  татварыг энэ оны 2 сараас эхлэн 7 сарын хугацаанд чөлөөлсөн. Уг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.

7. Эрүүл мэндийн салбар. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай  тэмцэхэд шаардлагатай импортоор оруулж ирж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг  гаалийн болон  нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он