МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ИЛТГЭЛЭЭ НҮБ-Д ТАНИЛЦУУЛАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 07 сарын 17


Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Нью-Йорк хотноо 7 дугаар сарын 16-ны өдөр  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлийг анх удаа ийнхүү НҮБ-д танилцууллаа. Энэхүү 2019 оны 7 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Монгол улсаас гадна 47 улс өөрсдийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэлийнхээ үеэр Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулсан анхны улсуудын нэг гэдгийг тэмдэглээд тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг бүрдүүлж чадсан хэдий ч цаашид тогтвортой хөгжлийн харилцан хамаарал бүхий цогц зорилгуудыг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээлүүд тулгарч байгаа талаар дурьдав. Эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой бодлого, төлөвлөлт, салбар дундын уялдаа, зохицуулалт хийгээд бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг тэрбээр онцлов.

2015 оноос эхлэн зохион байгуулж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад давхардсан тоогоор нийт 158 улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна. Манай улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсантай холбогдуулан Норвег, Япон, Сьерра-Леон зэрэг улс болон иргэний нийгмийн төлөөлөгчид  үг хэлж, асуулт асуув.

 Мөн энэхүү арга хэмжээний үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаман, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер, Норвеги улсын төлөөлөгчдийн тэргүүн Олон улсын хөгжлийн сайд Даg-Инге Улштэйнтэй уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он