Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхэллээ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 03 сарын 18


Монгол Улсын Засгийн газар коронавируст цар тахлын эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулах ажлыг хоёрдугаар сарын 23-наас эхлүүлсэн. Юуны түрүүнд зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан, экспортын тээврийн жолооч 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулж буй юм. Энэ дагуу өнөөдөр Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтод ажиллаж буй экспортын тээврийн жолооч нарыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Тодруулбал, БНХАУ-ын Sinopharm үйлдвэрийн 13,000 тун вакцинаар экспортын тээврийн жолооч нар болон Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулж байгаа юм. Өмнөговь аймгийн хэмжээнд эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдах 13,000 зорилтот хүний 11,860 нь уул уурхайн салбарын ажилтнууд болон нүүрс тээврийн 157 аж ахуйн нэгжийн жолооч нар бол,1,019 нь тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд юм. Мөн гааль, хил хамгаалах байгууллага...зэрэг байгууллагын 121 ажилтан, алба хаагчийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна. Тэгэхдээ Гашуунсухайт боомт дээр тав, Шивээ хүрэнд гурван цэг ажиллуулан нүүрс тээврийн жолооч болон уул уурхайн ажилтнуудыг дархлаажуулна. Харин Даланзадгадад хоёр цэгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулах юм. Жолооч нарын ажлын ээлжийн хуваарьт тохируулан дархлаажуулах ажлыг зохион байгуулах бөгөөд нэг баг өдөрт 150 хүнийг хамруулахаар тооцсон. Ингэснээр эхний ээлжийн 4,000 хүнийг тав хоногт багтаан дархлаажуулахаар төлөвлөөд байна. Цаашид уул уурхайн ажилтнууд, нүүрс тээврийн жолооч нарын ээлж солигдоход дараагийн ээлжийг хамруулах юм.


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2022 он