Гадаад зээл, тусламжийн төслүүдийг Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн тогтолцоонд шилжүүлж байна.

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 02 сарын 06


Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Гадаад зээл, тусламжийн төслүүдийн үр ашиг, бүтээмжийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 24 дүгээр тогтоол, мөн Ерөнхий сайдын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын 7.8-д гадаад зээл, тусламжийн төслүүдийг эрэмбэлэх, хэрэгжилт, ашиглалтыг сайжруулах, төслийн менежментийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, тусгайлсан төслийн нэгжүүдийг Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохион байгуулалтад шилжүүлэх ажлыг Сангийн сайдад даалгасан.

Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн нэгжүүдийн чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын зохион байгуулалтыг оновчтой болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг бууруулах зорилгоор төсвийн ерөнхийлөн захирагч нарын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжиж буй төслүүдийг нэгтгэн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж (НТХН) байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.





Сангийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 174 дүгээр тушаалаар “Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид шилжихэд мөрдөх түр журам” болон холбогдох бүтэц, орон тоог баталсан. Уг журмын хүрээнд өмнө нь байсан 46 төсөл хэрэгжүүлэх нэгжийг 17 Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид шилжүүлж нийт 250 гаруй орон тоо бууруулж, урсгал зардлыг 40 хувиар хэмнээд байна.



Сангийн яамнаас 2026 оны 2 дугаар сарын 3–6-ны өдрүүдэд 17 Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, шилжилтийн явц, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хамтран шийдвэрлэж ажиллалаа. Уулзалтаар НТХН-ийн бүтэц зохион байгуулалт, төслийн удирдах хороо, төслийн санхүүгийн удирдлага, тайлагналт, хөрөнгийн удирдлага, ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээ, цалингийн асуудал, ажлын байр, оффис зэрэг асуудлыг ярилцаж шийдвэрлэлээ. Мөн төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцаж, төслийг үр ашигтай, хугацаанд нь хэрэгжүүлж дуусгахад онцгойлон анхаарах чиглэл өглөө.

Энэхүү шинэчлэл нь гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийн удирдлага, зохион байгуулалт, үр ашиг, хариуцлагыг сайжруулах чухал алхам болж байна.



 



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он