ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ-2018 ТЭМЦЭЭНД САНГИЙН ЯАМ  “ШИЛДГИЙН ШИЛДЭГ”-ЭЭР ШАЛГАРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 05 сарын 28


“Засгийн Газрын Цом -2018” тэмцээний шийдвэрлэх сагсан  болон гар бөмбөгийн спортын төрлүүд 2018 оны 5-р сарын 25-27 өдрүүдэд нисэхийн "Буянт-Ухаа Спорт цогцолбор"-т амжилттай зохион байгуулагдлаа.

Хүч тэнцүү өрсөлдөөнтэй явагдсан сагсан бөмбөгийн тэмцээн сэтгэл догдлуулсан мөчүүдээр дүүрэн байлаа. Ширүүхэн тоглолтуудын эцэст, Сангийн яамны эрэгтэйчүүдийн баг тэргүүн байр, эмэгтэйчүүдийн баг 3-р байр, Санхүүгийн мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Анар “Шилдэг тоглогч”-оор шалгарсан.

Волейболын төрөл  мөн дутахгүй өрсөлдөөнтэй, тамирчдын авхаалж самбаа, хурд шандсыг багагүй сорьсон. Эмэгтэй, эрэгтэй багууд амжилттай оролцож, эрэгтэйчүүд хүрэл медалийн эздээр тодорсон.

5-р сарын 23-ний өдөр шатрын тэмцээнд Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр 3-р байр, Дотоод аудит, хяналт шинжилгээний үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн П.Цэрэнлхам 2-р байр, 5-р сарын 24-ний өдрийн ширээний теннисний тэмцээнд Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн З.Анар 3-р байрт тус тус  шалгарсан. Улмаар нийлбэр оноогоороо Сангийн яам шилдгийн шилдэг нь болж, нийтдээ 5 дахь удаагаа манлайлан түрүүлж байгаа юм.

Энэ удаагийн “Засгийн газрын цом -2018” тэмцээнийг хамгийн ихээр өнгөлөн чимсэн зүйл бол яахын аргагүй хөгжөөн дэмжигчид байлаа. Сангийн яамныхан атгасан гар шиг нэгдэж чаддаг болохоо харууллаа.

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчиддаа, хөгжөөн дэмжсэн хамт олондоо баяр хүргэе! Энэ удаагийн тэмцээнийг чадамгай зохион байгуулсан Сангийн яамны Спорт хамтлаг буюу спорт хариуцсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье!


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он