САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД  СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Х.КОБАЯШИГ  ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 03 сарын 11


Сангийн сайд Б.Жавхлан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Х.Кобаяшиг хүлээн авч уулзав. Элчид сайд Х.Кобаяши Монгол Улсын Сангийн сайдаар томилогдсонд сайд Б.Жавхланд баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэв.

            Сайд Б.Жавхлан Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжиж ирсэнд талархлаа илэрхийлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бэхжин, үр дүнтэй байгааг тэмдэглэн цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Япон Улсын Засгийн газраас  Монгол Улсад коронавируст (КОВИД-19) цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд зориулж “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”,  “Эдийн засаг нийгмийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” болон  техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж, дэмжлэгийг цаг алдалгүй олгосонд талархлаа илэрхийлэв.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улс эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төр бүхий нийтлэг үнэт зүйлстэй чухал түншийн хувьд цаашид ч найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутаг, дэлхийн энх тайвныг бүрдүүлэх, тогтвортой байдлын төлөө улам бүр хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн Япон Улс Монгол Улсын хөгжлийн төлөө тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд цаашид ч дэмжин хамтран ажиллахаа тэмдэглэн хэлэв. COVID-19 цар тахалтай тэмцэх арга хэмжээнд 25 тэрбум иений шуурхай тусламжийн зээлийн төсвийн дэмжлэгийг цаг алдалгүй олгоход Япон Улсын  Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд хийсэн айлчлал ач холбогдолтой болохыг онцлов.  Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх 2022 онд тохиож байгаа нь хоёр орны хамтын ажиллагааны чухал үйл явдал болохыг тэмдэглэв.

Талууд COVID-19 цар тахалтай тэмцэх арга хэмжээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, Япон Улсын хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилт, явц, үр дүн, хөрөнгө оруулалтын талаар санал бодлоо солилцон, цаашид нягт хамтран ажиллахаар болов.

 

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он