БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨСӨВ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 06 сарын 11


Монгол Улсын Засгийн газар төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч төсвийн шинэчлэлийг эхлүүлсэн. Өнөөдөр Боловсролын салбар төсвөө цахим хэлбэрт шилжүүллээ.

Боловсролын салбарын төсвийн цахим шилжилтийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, БШУЯ-ны удирдлагууд болон нийслэл, орон нутгийн цэцэрлэг, сургуулийн санхүүч, нягтлан бодогч нарын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Боловсролын салбарын шинэчлэлийн амин сүнс нь боловсролын үйлчилгээний санхүүжилтийг чанар, үр дүн, гүйцэтгэлд нь суурилан олгох, боловсролын байгууллагын санхүүгийн хагас бие даасан байдлыг хангах явдал юм. Өнөөдөр нээлтээ хийж байгаа “Цахим төсвийн төсөл” систем нь бидний зорьж байгаа цахим, ил тод, үр ашигтай төсөвлөлтийг боловсролын салбарт хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадах зөв зүйтэй ажлын эхлэл гэж үзэж байна. Мөн боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох, сургалтын чанар, үр дүнг санхүүжилттэй уялдуулах, чадварлаг багшийн хөдөлмөрийг үнэлдэг болох, боловсролын үнэлгээний тогтолцоог шинэ түвшинд гаргах зэрэг боловсролын шинэчлэлрүү чиглэсэн бүхий л бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Боловсролын салбар төсвийн цахим шилжилт хийснээр жил бүр төсөвлөдөг 1,7 их наяд төгрөг болон 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт сурагчдын сурах орчин, сургалтын чанар, хүртээмжид шууд зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломж бүрдэж эхэлж байна.

 

 

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он