“ИРГЭДИЙН ТӨСӨВ – 2018” ГЭЖ ЮУ ВЭ?

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 06 сарын 08


Монгол Улсын Төсвийг энгийн ойлгомжтой үгээр илэрхийлсэн Иргэдийн төсөв-2018 номыг Сангийн яамнаас АНУ-ын ЗГ-ын дэмжлэг, санхүүжилтээр боловсруулан гаргалаа. Энэ бол төсвийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, төсвийн ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн анхны ном товхимол юм.

Телевиз, радиогоор улсын төсвийн тухай яриа эхэлмэгц толгой эргэм тоо, содон этгээд нэр томъёо олонтаа таардаг тул учрыг нь ойлгоход бэрх байх нь бий. Улсын төсвийг боловсруулах явц, төсвийн орлого зарлагын бүрдэл, зарцуулалт зэрэг нь өрхийн төсөвд нэн чухал тул иргэдийн энэ талын мэдлэгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс анх удаагаа “Иргэдийн төсөв-2018” товхимлыг боловсруулан гаргасан юм.

Энэ номноос улсын төсөв юунаас бүрддэг вэ? Иргэд, бид яагаад татвар төлөх ёстой юм бэ? Улсын орлого хаачдаг юм бэ? зэрэг мэдэхийг хүссэн олон асуултынхаа хариуг олж, иргэд та бүгдийн улсын төсвийн орлого, зарлагад хяналтаа нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Манай улс хамгийн наад захын хэрэгцээ болох автозам, барилга бариулахад хэрэгцээтэй мөнгөө төлөхийн тулд Засгийн газар та болон миний адил орлоготой байх шаардлагатай. Чухамдаа энэ орлогоо Засгийн газар татвараас бүрдүүлдэг юм.

Ам бүлээ тэжээх мөнгө хүрэлцэхүйц байгааг юун түрүүнд тооцож хэмнэж гамнадгийн адил Засгийн газар улс орон, ард иргэдээ анхаарал тавихын тулд нарийн тооцоо гаргаж боловсрол, цалин хөлс, эмнэлэг, спорт, цэрэг, цагдаа, тэтгэвэр, хүүхдийн  мөнгө, халамж үйлчилгээ, бүтээн байгуулалтад мөнгөө зарцуулдаг. Энэ бүгдийг хэр хэмжээтэй санхүүжүүлэх нь улсын орлогын хэмжээтэй шууд холбоотой.

Тэгвэл энэ бүгд танд болон танай гэр бүлд хэрхэн тусч, нөлөө үзүүлдэг юм бэ? Улсын төсөв нь сарын эцэст халаасанд тань хэдий хэмжээний мөнгө үлдэхийг шийддэг. Татварын орлогоос хэдий хэмжээний санхүүжилт авч байгаагаас хамааран танд үзүүлж буй төрийн байгууллагуудын үйлчилгээнд нөлөө үзүүлнэ. Нэг үгээр, өдөр тутмын амьдралын хэв маягт тань ямагт мэдрэгдэх болно. Энэ бүгдийг ойлгосноор хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх, зөв зарцуулах зэрэг санхүүгээ төлөвлөж тооцоолоход тань туслалцаа үзүүлнэ.

Улсын төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Иргэдийн төсөв – 2018” товхимлоос татаж авч үзээрэй. Монгол Улсын иргэн Та татварын төлөгчийн хувьд татварт төлсөн мөнгөө хэрхэн яаж зарцуулагдаж байгааг мэдэх бүрэн эрхтэй.

Хавсралт файл:
ИРГЭДИЙН ТӨСӨВ – 2018

Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он