Улаанбаатар-Дархан чиглэлд хоёр эгнээ авто зам шинээр нэмж барих төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 120 сая ам.доллараар хэрэгжүүлнэ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 04 сарын 09


Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар өнөөдөр  гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд  Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд бүтцийн салбарт төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгох бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт хоёр эгнээ авто зам шинээр барих 120 сая ам.долларын төслийг санхүүжүүлэх юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Бүс ба зам санаачилга болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Монгол Улс-Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдол бүхий коридор бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэхүү коридорыг 4 урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын нэгдүгээр зэрэглэлийн зам болгохоор ажиллаж байна. Түүнчлэн, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын өргөтгөл шинэчлэлийг хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байна.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш бөгөөд 2006 оноос хойш Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт 102 төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулаад байна.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он