САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ТАВАН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар - Ү.Дуламсүрэн

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 11


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд, нийт 447 сая ам.долларын хамтын ажиллагааны 11 баримт бичгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах 5 хэлэлцээрийн гэрээнд гарын үсгээ зурлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 онд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Хятадын талаас нийт 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг ирэх 3 жилийн хугацаанд хуваан олгох боломжтойг мэдэгдсэн бөгөөд энэ удаагийн айлчлалаар 2018 онд олгох 600.0 сая юанийн үнийн дүн бүхий эдийн засаг техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгууллаа. Энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгийг Хилийн боомт болон хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтийн төслүүдэд зарцуулахаар харилцан тохиролцоод байна.

Мөн айлчлалын хүрээнд “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн үнэлгээг хийх тухай хамтын ажиллагааны санамж бичиг, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын  шинэчлэл” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгууллаа.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төсөл нь Эрдэнэт хотын дулаан хангамжийг найдваржуулах, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах зэрэг нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой бөгөөд төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн нэмэлт туслалцааны 35 сая юанийн төсөл, Буянт-Ухаа спорт ордон засварлан шинэчлэх 15 сая юанийн төслүүдийн судалгааны солилцох захидалд тус тус гарын үсэг зурлаа. Эдгээр төслүүд нь 2014 оноос өмнө олгож байсан буцалтгүй тусламжийн үлдэгдэл хөрөнгөөр шийдвэрлэгдэх юм.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он