МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТОМООХОН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 03 сарын 16


Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам. долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэн, ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2,427,657 иргэн үр шимийг хүртэж, унд ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэх бөгөөд усны салбарт хэрэгжиж буй  харилцан уялдаа бүхий мега төсөл бөгөөд сүүлийн 30 жилд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт  болно. 



Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийг хэрэгжүүлж, Монгол улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг барин ашиглалтад хүлээлгэн өгөв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, УИХ-ын гишүүн, Сангийн сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Болдын Жавхлан, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатар нар Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх товчлуурыг дарж, үйлдвэрийг албан ёсоор нээлээ.

Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Монгол-Америкийн стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Усны Компакт гэрээний хоёр том бүтээн байгуулалтын нэг, Монголын анхны томоохон хэмжээний Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээх түүхэн үйл явдлыг гэрчлэхээр хуран цуглаад байна. Хаягдал ус дахин боловсруулах энэхүү үйлдвэр ийнхүү ашиглалтад орсноор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд туссан Усны бодлогын нэгэн томоохон зорилт биеллээ олж, бид хаягдал усаа дахин боловсруулж, эрчим хүчний үйлдвэрлэлд ашигладаг боллоо” хэмээн онцлоод,

“Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болоод зогсохгүй, цаашид аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт хаягдал усаа эргүүлэн ашигладаг болох, төдий хэмжээгээр гүний усны нөөцөө хэмнэн хамгаалж, ирээдүй хойчдоо үлдээх түүчээг ийнхүү эхлүүлж байна” хэмээн тодотгов.

Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг, дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох бусад дэд бүтцийн хамт барьж, дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж, Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй өдөрт 50 мянган шоо метр хаягдал усыг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр хүлээн авч, дахин боловсруулан Дулааны III, IY  цахилгаан станцад техникийн зориулалт (үнс зайлуулах, цамхаг өргөх г.м)-аар нийлүүлнэ.



Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг, дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох бусад дэд бүтцийн хамт барьж, дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж, Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй өдөрт 50 мянган шоо метр хаягдал усыг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр хүлээн авч, дахин боловсруулан Дулааны III, IY  цахилгаан станцад техникийн зориулалт (үнс зайлуулах, цамхаг өргөх г.м)-аар нийлүүлнэ.

Ингэснээр жилд 14-18 сая орчим шоо метр гүний цэнгэг усыг хаягдал усаар орлуулан хэмнэх, гүний усыг хадгалан, хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийн зохистой, хариуцлагатай менежментийг бүрдүүлэн, байгаль орчны тэнцвэрийг хамгаалах  ач холбогдолтой.



Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцов.





Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он