САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР TЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОУВС, ДЭЛХИЙ БАНКНЫ 2018 ОНЫ ХАВРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар - Ү.Дуламсүрэн

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 21


ОУВС, Дэлхийн Банкны  үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор жил бүрийн хавар ОУВС, Дэлхийн банкны хамтарсан Хөгжлийн хороо, ОУВС-гийн Мөнгө, санхүүгийн хорооноос гишүүн орноо төлөөлөн ажиллах захирагч нарын дунд уулзалт, хуралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. АНУ-ын Вашингтон хотод  4-р сарын 16 – 22 өдрүүдэд тохиож буй энэ жилийн хаврын ээлжит чуулга уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Хаврын уулзалт нь ОУВС, Дэлхийн банкны ивээл дор хоёр жил тутам зохион байгуулагддаг дэлхийн санхүүгийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийг нэг юм. Уулзалтаар олон орны  Сангийн болон Хөгжлийн сайд нар, парламентын гишүүд, Төв банкны ерөнхийлөгчид, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэд, томоохон бизнесийн төлөөллүүд оролцож, дэлхий нийтийн болон улс орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл, ирээдүйн төлөв, ядуурал, эдийн засгийн хөгжлийн талаар санал бодлоо солилцдог.

Энэ жилийн хаврын ээлжит чуулга уулзалт нь Дэлхий Нийтийн Хүсэл Тэмүүлэл, Сорилт Бэрхшээлийг Даван Туулах өргөн сэдвийн дор дэлхийн эдийн засаг дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн ирээдүйн төлөв, дэвшилтэт техник технологид оруулж буй хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхөн сэргэх чадварыг бэхжүүлэх болон социал салбар дахь хөрөнгө оруулалтын чухлыг онцолж байна.

Хаврын уулзалтын үеэр Монгол Улсыг хариуцах ОУВС, Дэлхийн Банкны удирдлага болон мэргэжилтнүүдтэй өнгөрсөн хагас жилийн хугацааны хамтын ажиллагааг дүгнэн санал солилцож, Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн 2018 оны эхний улирлын байдлыг танилцуулж, цаашдын арга хэмжээний талаар зөвшилцөх уулзалтуудыг зохион байгуулж оролцоно.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов, Мянганы Сорилтын Сан зэрэг төрийн болон олон улсын банк, санхүүгийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна.

Уулзалтын талаарх явцын мэдээллийг бид Сангийн яамны фэйсбук, твиттерийн хуудсаараа дамжуулан Та бүхэнд хүргэж байх болно.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он