ЭКОСОС БУЮУ НҮБ-ЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН  ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар - Ү.Дуламсүрэн

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 21


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 4-р сарын 23 – 26-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк дахь НҮБ-ын Төв Байранд зохион байгуулагдах ЭКОСОС буюу НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн хөгжлийн санхүүжилтийн чуулга уулзалтад оролцоно.

Уулзалтад олон орны Сангийн, Гадаад хэргийн, Хөгжлийн яамдуудын сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд, Дэлхийн банк болон ОУВС-ийн гүйцэтгэх захирал, НҮБ-ын өндөр албан тушаалтнууд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцдог.

Чуулга уулзалтын үеэр сайд нарын болон экспертийн түвшний хуралдаан, Бретор-Вүүдсийн институци, Дэлхийн Худалдааны Байгууллага болон НҮБ-ын худалдаа хөгжлийн бага хуралтай хамтран өндөр түвшний тусгай уулзалтууд, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хөрөнгө оруулалтын яармагийн арга хэмжээ болно.

Чуулга уулзалтаар Аддис Абабагийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх 2017 оны чуулга уулзалтын үр дүн, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, түүний эдийн засаг, санхүүгийн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр улс орны болон олон улсын түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нөөц бололцооны талаар хэлэлцэж, хөгжиж буй орнуудын өрийг шийдвэрлэх зэрэг санхүү, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах асуудлаар санал солилцохоор байна.

Манай улсын хувьд тус чуулга уулзалт, Сайд нарын түвшний хуралдаанд өндөр хэмжээнд оролцож, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийг амжилттай хэрэгжүүлэх, түүний санхүүжилт, хүрээ, арга замыг оновчтой тодорхойлоход ач холбогдолтой бөгөөд бусад хөгжиж буй болон хөгжингүй орнуудын туршлагаас хуваалцах, хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бий болгоно.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он