ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 07 сарын 09


БАЛДАНГИЙН ДОЛГОРМАА

        (1926-2018)

 Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, гавьяат эдийн засагч Балдангийн Долгормаа 2018 оны 07 сарын 08-ны өдөр өвчний  улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж, санхүү, эдийн засгийн салбарт хүнд гарз тохиолоо.  

Б.Долгормаа 1926 онд Хэнтий аймгийн Норовлин суманд  төрж өсөөд 1944 онд санхүү, эдийн засгийн сургуулийг төгсөж, сургуульдаа багшаар үлдэж, хөдөлмөрийн гараагаа сурган хүмүүжүүлэх ухаанаас эхэлсэн.

Нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн Балдангийн Долгормаа 1953 онд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын улс ардын аж ахуйн дээд сургуулийн санхүү-эдийн засагчийн мэргэжлийг онц сурлагатны “улаан” дипломтойгоор төгсөж, хожим нь Москвад ОХУ-ын нийгмийн ухааны академид 1962-1965 онуудад суралцаж, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтын оргил үеийн эхлэл 1959 оноос Монгол Улсын Сангийн яаманд нийтдээ 30 жил ажилласны 20 жилд дэд сайд, тэргүүн дэд сайдын хариуцлагатай албыг эрхэлж, Монгол Улсын эдийн засаг, төсвийг Сангийн яаманд зангидан барьж, салбар хоорондын ажлын уялдаа, улс ардын аж ахуйн  хөгжлийн бодлого зохицуулалтыг нойр хоолоо хагаслан байж гардан гүйцэтгэж байсан  төр, нийгмийн зүтгэлтэн, монголын чадварлаг эмэгтэйчүүдийн томоохон төлөөлөл байлаа.

Гавьяат эдийн засагч Б.Долгормаа Монгол улсын төсөв, үндэсний орлогын хуваарилалт, эдийн засгийн салбаруудын санхүү, санхүү-зээлийн тогтолцооны чиглэлээр 10 гаруй ном, олон арван нийтлэл, гарын авлага бүтээж, их, дээд сургуулиудад багшилж, лекц  уншиж, нийгмийн суурь болон мэргэжлийн сурган хүмүүжүүлэх ажлыг манлайлан эрхэлж байсан сурган хүмүүжүүлэгч байлаа.

Монгол Улсын Сангийн яамаар дамжиж, ажил амьдралаа залгуулж байсан ажилтнууд, төр, засгийн тэргүүн, сайд дарга нар бүгдээрээ Балдангийн Долгормаагийн өргөн мэдлэг, ажлын арга барил, хүнлэг чанарыг сайшаан магтаж, бахархдагийг тэмдэглэж байна.

Монгол улсын эдийн засгийн шинэчлэл хийх, санхүү, зээлийн механизм, хөшүүргийг боловсронгуй болгох, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх талаар төрөөс тавигдаж байсан зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө санхүү эдийн засгийн олон мэргэжилтнүүдийг хөтлөн ажиллаж байсан гавьяатай хүн. 

Б.Долгормаа Монгол улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны зангилаа асуудлаар үндэсний эрх ашгийг тууштай хамгаалагч, зэс, молибединий уулын баяжуулах “Эрдэнэт”, Монгол, Оросын болон бусад хамтын үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан гадаадын бизнесийн төлөөлөгчид, сайд дарга нартай аливаа хэлцлийг дипломат болон ажил хэргийн өндөр түвшинд хийж чаддаг байсан бөгөөд Москвад Олон Улсын Хөрөнгө оруулалтын банкинд дэд ерөнхийлөгчийн албыг 1973-1978 онд хашиж байсан Олон улсад нэр хүнтэй эдийн засагч байлаа.   

Балдангийн Долгормаагийн олон жилийн нөр их хөдөлмөр амжилт бүтээл, зүтгэлийг төр, нийгмээс үнэлж, Санхүү банкны тэргүүний ажилтан, Гавьяат эдийн засагч цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиудаар шагнажээ.

Балдангийн Долгормаагийн авьяас билэг, мятаршгүй зүтгэл, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээ, улс орны санхүү, эдийн засгийн хөгжил, чадавхийг бий болгоход гаргасан хүчин чармайлт, хувь нэмэр, эелдэг даруу, ажилсаг, нөхөрсөг зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэж, санхүү, эдийн салбарт тодоос тод гэрэлтэж байх болно.

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Сангийн яамны Ахмадын хороо


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он