Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саеид тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 04 сарын 02


Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саеид, Зүүн Азийн газрын захирал Жэймс Линч тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар Сангийн сайд коронавируст халдвар (КОВИД-19)-ын  цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газарт АХБ-аас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цар тахлыг даван туулахад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх гэсэн хоёр фронт дээр Засгийн газар шаардлагатай бодлогын арга хэмжээг авч ажиллаж байгаа ба цаашид КОВИД-19 цар тахлыг даван туулахад АХБ-ны дэмжлэг, хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалах, сэргээх, төсвийн зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хугацаа алдалгүй иргэдээ вакцинжуулснаар эдийн засаг сэргэнэ гэж харж байна гэв.

АХБ-ны зүгээс цар тахлыг даван туулах, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Засгийн газраас зарласан арга хэмжээ нь оновчтой, зөв шийдвэр байгааг онцлон, ирэх 4 жилийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, эдийн засгийн тулгуур салбарыг төрөлжүүлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох, тогтвортой болон ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр дэмжлэг үзүүлнэ гэлээ. Түүнчлэн нэг салбарын хэт хамаарлыг бууруулах, хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газрын бодлогыг дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, энэ чиглэлээр техникийн болон бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

 Энэ жил Монгол Улс, Азийн хөгжлийн банкны түншлэлийн 30 жилийн ой тохиож байгаагаас гадна дунд хугацааны хамтын ажиллагааны стратегиа баталж байгаа чухал үе юм.  

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он