БОЛОВСРОЛ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ТУС ТУС ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сайдын ажлын алба

Нийтлэсэн огноо: 2026 оны 10 сарын 01


Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2025 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн 2 дахь нэмэлт санхүүжилт” болон “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс, АХБ хоорондын хамтын ажиллагаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд амжилттай өргөжин хөгжиж байгаа бөгөөд энэхүү төслүүдийн хүрээнд Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих өндөр ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг хийж байгаад АХБ-нд талархал илэрхийллээ. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Боловсролын төслийн хүрээнд шинээр 9 сургууль, 5 цэцэрлэг барьж, 17 сургууль, 1 цэцэрлэгийг өргөтгөж, 1 сургуулийн барилгын ажлыг дуусгах бөгөөд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг 11,140 суудлаар нэмэгдүүлэх юм.

Харин “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын алслагдмал, хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нас баралтын түвшинг бууруулж, урьдчилан сэргийлнэ. Энэ хүрээнд шинээр 1 аймгийн нэгдсэн төв эмнэлэг, 3 аймгийн эмнэлгийн өргөтгөл, 13 байршилд яаралтай, эрчимт эмчилгээ болон мэс заслын тасгуудыг шинэчилж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна, 7 боомтод шинээр эрүүл мэндийн төв барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он