Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2026 оны 06 сарын 04


Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр /2026.06.04/ Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байгаа аж. Иймд уг хуулийн төслийг боловсруулсан  байна.

Энэхүү хуулийн төслөөр хуулиар хориглоогүй бол аль ч салбарт, ямар ч төрлийн үйлдвэр, үйлчилгээ, худалдааг өөрийн хүсэл сонирхлоо сонгон эрхлэх боломжийг нээж буйг Ерөнхий сайд хэлсэн. Мөн төрөөс бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүйн зэрэгцээ харин бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлана. Уг хуулийг дагалдуулан боловсруулсан хуулиудаар гадаадын банк байгуулах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ банк, санхүүгийн байгууллагын хямд эх үүсвэр татахыг дэмжиж иргэн, аж ахуйн нэгжүүдэд очих зээлийн хүүг бууруулах зорилгоор суутган татварыг 5 хувь болгон бууруулж байгааг танилцуулав.

Мөн энэ хууль батлагдсанаар Мэргэжлийн нэгдсэн холбоодод 120 гаруй энгийн зөвшөөрлийг олгох, мэдэгдэл бүртгэх эрхийг бүрэн шилжүүлж, цахимаар бизнес эрхлэхийг хуулиар зөвшөөрнө. Монгол Улсад оршин суухгүйгээр гадаадын иргэн, аж ахуйн нэгж цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бололцоог нээж буйг дурдлаа.

Түүнчлэн зөвшөөрөл авах үйл явцыг 60 хувиар хялбаршуулж, зөвшөөрөл авах, сунгах, олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлахад татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх зэрэг шаардлагуудыг зогсооно. Тусгай зөвшөөрлийг 10 жил, энгийн зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай болгохоор төсөлд тусгасан гэлээ.

Төрийн худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг хиймэл оюун ухаанд суурилан хүний оролцоогүй зохион байгуулахаар өөрчилж, улмаар хөрөнгө оруулагчийн дата болон хиймэл оюуны төвийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх мэдээллийн технологийн зориулалттай тоног төхөөрөмжийн импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь  хөнгөлж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, үүний үр дүнд захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлэх замаар бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он