Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 03 сарын 20
Сангийн яамны зүгээс ЗГДҮЦ-ны нээлттэй арилжааг эхэлснээс хойш хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, арилжааны үр дүн болон ирэх улирлын арилжааны хуваарийг танилцуулах зорилгоор улирал бүр тогтмол уулзалтыг хийж байгаа бөгөөд ээлжит уулзалтыг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Дөрөв дэх удаагийн энэхүү уулзалтад арилжааны банкнууд болон брокер дилерийн компаниудын төлөөлөл оролцлоо. Тус яамнаас Засгийн газрын өрийн талаарх мэдээлэл, өмнөх арилжаануудын үр дүн, 2026 оны 2 дугаар улирлын арилжааны хуваарь болон өрийн зохицуулалт хийх зорилгоор гаргасан Сенчири 5 бондын талаар танилцууллаа.
Түүнчлэн, цаашид баримтлах бодлого, арга хэмжээг танилцуулсан бөгөөд үүнд нь анхдагч болон хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны арилжааны системийг нэгтгэх, ЗГДҮЦ-ыг тендерийн баталгаанд ашиглах, репо болон буцаан худалдан авах боломжуудыг хөгжүүлэх, Монгол улсын хөрөнгийн зах зээл дээрх бондын зах зээлийн гарын авлагыг шинэчлэх ажлууд багтаж байна.
ЗГДҮЦ-ны арилжааг эхлүүлснээс хойш нийт 44 удаагийн арилжаагаар 208.7 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй арилжаалсан бол 2026 оны 2 дугаар улиралд нийт 70.0 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг арилжаална. Мөн цааш цаашдын уулзалтаар үнэт цаасны мэдээнээс гадна Засгийн газрын төсөв, өрийн талаарх мэдээллийг хөрөнгө оруулагч нарт тогтмол хүргэхээр төлөвлөж байна.
ЗГДҮЦ-ны нээлттэй арилжааг Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны систем (www.bond.mse.mn)-ээр дамжуулан 2 долоо хоног тутам олон нийтэд нээлттэй хэлбэрээр явуулж байгаа бөгөөд ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Сангийн яамны www.mof.gov.mn болон Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудсаар тогтмол авах боломжтой.

