Засгийн газрын дотоод үнэт цаасны 2026.II улирлын арилжааны талаар ээлжит уулзалтыг зохион байгууллаа

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 06 сарын 19


  Сангийн яамнаас ЗГДҮЦ-ны нээлттэй арилжааг эхэлснээс хойш хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, арилжааны үр дүн болон ирэх улирлын арилжааны хуваарийг танилцуулах зорилгоор улирал бүр тогтмол уулзалтыг хийж байгаа бөгөөд 2026 оны 02 дугаар улирлын уулзалтыг 06 дугаар сарын 18-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

  Энэхүү уулзалтаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 05 дугаар сарын гүйцэтгэл, УИХ-аар соёрхон батлагдсан гадаад зээлийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хууль, татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой өөрчлөлтүүд болон соёрхон батлуулахаар төлөвлөж буй Бүгд Найрамдах Австри Улс, Дэлхийн банк, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банктай байгуулах хэлэлцээрүүдийн тухай танилцууллаа.

  ЗГДҮЦ-ны нээлттэй арилжаа 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр эхэлснээс хойш нийт 54 удаагийн арилжаа хийгдсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 10-ны байдлаар 268.7 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалсан байна. Сангийн сайдын 2026 оны 129 дүгээр тушаалаар Засгийн газрын дотоод үнэт цаасны 2026 оны 3 дугаар улирлын арилжааны хуваарь батлагдсан бөгөөд нийт 70.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалахаар байна.

  ЗГДҮЦ-ны нээлттэй арилжааг Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны систем (www.bond.mse.mn)-ээр дамжуулан 2 долоо хоног тутам олон нийтэд нээлттэй хэлбэрээр явуулж байгаа бөгөөд  ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Сангийн яамны www.mof.gov.mn болон Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудсаар тогтмол авах боломжтой.



 



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он