Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар
Нийтлэсэн огноо: 9 цагийн өмнө
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг, Монгол Улсын төсвийн 2025 оны тухай хуульд заасны дагуу Засгийн газрын дотоод үнэт цаас (ЗГДҮЦ)-ны зах зээлийн хөгжлийг дэмжиж, үнэт цаасны арилжааг тогтмолжуулах зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс ЗГДҮЦ-ны арилжааг эхлүүлээд байгаа билээ.
Сангийн яамны зүгээс ЗГДҮЦ-ны нээлттэй арилжаа эхэлснээс хойш хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, арилжааны үр дүн болон ирэх улирлын арилжааны хуваарийг танилцуулах зорилгоор улирал бүр тогтмол уулзалтыг хийж байгаа бөгөөд ээлжит уулзалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг арилжааг зохион байгуулагч байгууллагуудаас гадна брокер дилерийн компаниуд, арилжааны банкуудын төлөөлөл оролцсон бөгөөд тус яамны зүгээс ЗГДҮЦ-ны арилжааг эхлүүлэхэд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд болон 2025 оны арилжааны үр дүн, 2026 оны арилжааны төлөвлөгөө, 1 дүгээр улирлын арилжааны хуваарийн талаар танилцууллаа.
ЗГДҮЦ-ны нээлттэй арилжааг Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны систем (www.bond.mse.mn)-ээр дамжуулан 2 долоо хоног тутам олон нийтэд нээлттэй хэлбэрээр явуулж байгаа бөгөөд 2025 оны нийт 32 удаагийн арилжаагаар 150 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй арилжаалсан бол 2026 оны 1 дүгээр улиралд нийт 60.0 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг арилжаалахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Сангийн яамны www.mof.gov.mn болон Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудсаар тогтмол авах боломжтой.

