“Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн Хамтарсан Зохицуулах хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа.

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2025 оны 09 сарын 22


ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага, Эдийн Засаг, Хөгжлийн Яам, Сангийн Яам хамтран хэрэгжүүлж буй техникийн хамтын ажиллагааны “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн Хамтарсан Зохицуулах хорооны анхдугаар хурал 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Монгол талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн төлөөллүүд, Япон талаас ЖАЙКА төв оффис, Монгол дахь төлөөлөгчийн газар, төслийн зөвлөхүүд оролцлоо.

Хурлаар төслийн суурь судалгааны тайланг хэлэлцэж, төслийн дизайн матриц дахь  зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тодорхойллоо. Түүнчлэн Хамтарсан зохицуулах хорооны бүтэц, ажлын хэсгийн гишүүдийг шинэчлэн баталж, төслийн зөвлөх багийн зүгээс гуравдагч улсад зохион байгуулагдах сургалтын төлөвлөгөө, цахим системийн хөгжүүлэлтийн хувилбаруудыг танилцууллаа.

Тус төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрсдэлийг оновчтой удирдах замаар санхүү, төсвийн зохистой орчныг бүрдүүлж, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог урт хугацаанд тогтвортой орших суурийг бэхжүүлэх зорилгын хүрээнд 2029 оны 01 дүгээр сар хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Төслийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн стратеги удирдамж”, Сангийн яамтай хамтран “Түншлэлийн төслийн төсвийн эрсдэлийн удирдлагын гарын авлага”, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвтэй хамтран “Үйл ажиллагааны удирдамж, гарын авлага” боловсруулан гаргахаас гадна холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг үе шаттай зохион байгуулна.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он