ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2025 ОНД 490 БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 05 сарын 19


Төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд 2025 онд 729 багц төслийг 4.0 их наяд төгрөгөөр санхүүжүүлж, 490 төслийг ашиглалтад орууллаа.



Энэ хүрээнд 1800 гаруй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж, барилга, дэд бүтэц, эрчим хүч, үйлчилгээний салбарт хэрэгжсэн төсөл, арга хэмжээний үр дүнд 110 мянга гаруй ажлын байрыг хадгаллаа.



2025 онд хэрэгжүүлсэн цахилгаан, дулааны шугам сүлжээний ажлуудын хүрээнд орон нутгийн иргэдийг найдвартай дулаан, цахилгаан, ундны усаар хангах нөхцөл сайжирч, бүс нутгийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдал нэмэгдлээ. Мөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тасалдлыг бууруулж, эдийн засгийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлэв.

2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр 500 гаруй км авто зам, гүүрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар бүс нутгийн холболт сайжирч, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн тээврийн зардал, хугацааг бууруулах нөхцөл бүрдэн, орон нутгийн эдийн засаг, худалдаа, үйлчилгээний идэвхжилд эерэг нөлөө үзүүллээ.



Боловсролын салбарт 2025 онд 39 сургууль, 42 цэцэрлэг, 12 дотуур байрыг ашиглалтад оруулснаар сургуулийн суудлын хүчин чадал 16,375-аар, цэцэрлэгийн орны хүчин чадал 5,800-аар тус тус нэмэгдлээ. Мөн шинээр ашиглалтад орсон барилга байгууламжийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, хүүхэд, сурагчдын суралцах орчин нөхцөл дээшлэн, хүний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж нэмэгдэв.



Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.



Мөн Монгол Улс болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компактын хүрээнд Монгол улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэн, ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2,427,657 иргэн үр шимийг хүртэж, унд ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэх бөгөөд усны салбарт хэрэгжиж буй  харилцан уялдаа бүхий мега төсөл бөгөөд сүүлийн 30 жилд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт боллоо.



Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн санхүүжилтээр Сангийн яам, Боловсролын яам хамтран хөдөөгийн боловсролын байгууллагын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төслийг 2021 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд 17 аймгийн 163 сум, суурин дахь 301 сургууль, 200 цэцэрлэг, 227 дотуур байрны нийт 728 барилгын нүхэн жорлонг 133.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэчилж, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлээд байна.



 



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он