“Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй  өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн  баримт бичигт гарын үсэг зурав.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2024 оны 10 сарын 25


Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих “Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн баримт бичигт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Ганбат, Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И. Батхүү, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ нар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурав.

Техник хамтын ажиллагааны энэхүү төслийн зорилго нь шинээр батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн, мөн төрийн болон хувийн хэвшлийн эрсдэлийг тодорхойлон үнэлэх, болзошгүй өр төлбөр үүсэх эрсдэлийг удирдах, төсөв, санхүү, санхүүгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, улсын хөрөнгө оруулалтын удирдлагаар дамжуулан хувийн хэвшлийн оролцоог дэмжих орчныг бүрдүүлэх  бөгөөд 2025 оны 3 дугаар сараас эхлэн 4 жилийн хугацаатай хэрэгжүүлнэ..



Төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгон шалгаруулах, төсөвт учруулах эрсдэлийг тодорхойлоход зөвлөмж өгөх, оролцогч байгууллагуудын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.  Үүний дүнд нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг бүхий төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг сонгох боломж бүрдэх ба төсөвт учруулах эрсдэлийг тооцон, төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй удирдах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.



Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он